
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-02-02 13:21:35
2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуур, Дархадын хотгороор 25,0-36,9 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Эг, Хэрлэн, Туул голын хөндий, Монголын Дорнод тал, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 20,0-24,9 градус, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Шарга, Номин, Галбын говиор 5,0-9,9 градус, бусад нутгаар 10,0-19,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1,1-8,3 градусаар дулаан, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн зарим хэсгээр дунджийн орчим ба түүнээс 1,1-2,5 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 1-10 градус, Увс Нуурын хотгороор 21-27 градус, уулархаг нутгаар 11-20 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд, төвийн нутгийн зарим хэсгээр 0-5 градус дулаан, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 30-44 градус, говийн нутгийн өмнөд, төвийн нутгийн зарим газарт 18-29 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 10-22 градус хүйтэн, говь, тал хээр нутгаар 9 градус хүйтнээс 16 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 21-35 градус, уулархаг нутгаар 36-46 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт нийт нутгийн 40 орчим хувьд хур тунадас ороогүй. Харин Орхон, Дархан-Уул, Хэнтий, Дорнодын нийт, Увс, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Говьсүмбэр, Өмнөговийн зарим нутгаар 0,0-3,0 мм, Увсын Малчин, Улаангом, Баруунтуруун, Хяргас, Завханы Тосонцэнгэл, Баянтэс, Хөвсгөлийн Цагааннуур, Цэцэрлэг, Баянхонгорын Эрдэнэцогт, Өвөрхангайн Гучин-Ус, Төгрөг суманд 3,1-5,1 мм тунадас орсон (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, Увс, Завхан, Өвөрхангай, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговийн зарим нутгаар дунджийн орчим буюу дунджаас ахиу орсон.
1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20 см-ээс их, Увсын Давст, Баруунтуруун, Түргэн, Сагил, Тэс, Завханы Түдэвтэй, Баян-Уул, Цагаанчулуут, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Баянхонгорын Галуут, Сэлэнгийн Хүдэр, Ерөө /Бугант/, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Сүхбаатарын Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Халзан, Наран, Дарьгангад 10,1-20 см, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 5,1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-40 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай, Хэнтийн Дарханд 33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт ихэнх нутагт олон жилийн дунджаас 1,1-8,3 градус дулаан байлаа.
- 1 дүгээр сарын 20-ны байдлаар Увсын Хяргас, Ховдын Алтай, Говь-Алтайн Цээл, Архангайн Түвшрүүлэх, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Дорноговийн Иххэт, Сүхбаатарын Асгат, Түмэнцогтод цагаан зудтай, Увсын Улаангом, Зүүнговь, Тэс, Баруунтуруун, Сагил, Түргэн, Говь-Алтайн Дэлгэр, Тайшир, Цогт, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Цагаанчулуут, Архангайн Булган, Өндөр-Улаан, Хангай, Хашаат, Хотонт, Чулуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Баянхонгорын Баянбулаг, Жаргалант, Галуут, Эрдэнэцогт, Булганы Тэшиг, Могод, Гурванбулаг, Дархан-Уулын Хонгор, Төвийн Зуунмод, Бүрэн, Баянжаргалан, Эрдэнэсант, Дорноговийн Сайншанд, Дэлгэрэх, Улаан-Уул, Алтанширээ, Айраг, Өргөн, Өвөрхангайн Бүрд, Есөнзүйл, Хэнтийн Батноров, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Онгон, Түвшинширээ, Халзанд зузаан цастайн улмаас цагаан зудархуу нөхцөл бүрдээд байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/03/06



6 м/с


Шинэ мэдээ

